Dec 5, 2011

Сонбэ

3 жилийн өмнө таньдаг оюутны гуйлтаар солонгос, солонгос хүн гэдэг сэдвээр эссэ бичиж өгч байлаа. Саяхан эргээд харсан чинь шүүмжлэлтэй байр сууринаас харсан үгс нилээд цухалзаж харагдана. Энэ эссэг бага зэрэг өөрчлөн сийрүүлвэл

Солонгос хүмүүс хүнтэй анх уулзахдаа ямар байр суурин дээрээс уулзаж байгаагаас хамаараад хэрэглэх үгээ сонгон ярьдаг. Солонгос хэлэнд хүндэтгэлийн үг, үйл үгийн нөхцлийг хэрхэн хэрэглэж байгаагаас энэ хүн надтай ямар байр суурьнаас харьцаж байгаа нь шууд л ажиглагддаг. Тухайн хүнийхээ насыг мэдэж байж хүндэтгэлээр ярих эсэхээ шийддэг учраас анх уулзаад л чөлөөтэй нас асуудаг. Нэг насны зөрүүтэй байсан ч хүндэтгэлээр ярина. Өнөөгийн монгол хүмүүсийн сэтгэхүйгээр бол ямар сүртэй юм бэ гэж хэлмээр...Энэ нь харилцааны төвөгтэй мэт боловч эрэмбэтэй байдлыг бүрдүүлж чадсан болов уу. Нэг талаар күнзийн соёлтой ч нягт холбоотой биз. Солонгос хүмүүс гэр бүл, ажил, сургууль гэх мэт нийгмийн харилцааны бүх салбарт энэ эрэмбэт харилцаагаа нарийн баримталдаг. Жишээ нь гэр бүлд
хүүхэд гэр бүл дотроо нэг насны зөрүүтэй ах эгчийгээ ч ах эгч гэж заавал дуудах, мөн гэр доторх хамгийн ахмад настай хүн түрүүлж хоолонд гар хүрээгүй байхад хүрч болохгүй, орж гарахдаа, гарлаа, орж ирлээ гэж заавал мэндэлж байх гэх мэт. Мөн насан хүрэхээсээ өмнө ээжийгээ омма, аавыгаа абба гэж дуудаг бол насанд хүрээд биеэ даагаад эхэлвэл аавыг абожи, ээжийг омони гэж дуудаж эхэлнэ. Монголд отгон хүү гал голомтоо сахиж үлддэг бол солонгост эсрэгээрээ том хүү голомт залгах хүү байдаг.

Сургуульд миний дээд ангийн, дээд курсынх л бол бүгдийг сонбэ гэж дуудан хүндэтгэж харьцах хэрэгтэй.
Албан газарт ч адил. Намайг ажилд орохоос 1-2 сарын өмнө орсон хүн ч миний сонбэ байх болно. Солонгосууд тэнгэр мэт сонбэгаа гэж их хэлдэг. Уг утга нь тэнгэр мэт түшигтэй гэсэн утгатай боловч нийгмийн харилцаанд заримдаа тэнгэр мэт түшигтэй гэхээсээ илүүтэйгээр хажуу хавирганаас стресс өгөгч болж хувирсан мэт. Сонбэ өөрийнхөө эрх мэдлээр далайлгах дуртай. Ойр зуурын ажил гээд л олон зүйлд гар хөлийн үзүүрт зарна. Сонбэ үг хэлвэл сайн дуулгавартай дагаж байж миний ирээдүй гэрэлтэнэ, харин шөргөөцөлдвөл хэцүүднэ. Сонбэ архи өгвөл уух хэрэгтэй. Мөн настай хүн архи өгвөл уух хэрэгтэй гэдэг. Сүүлийн 3 жилийн дотор солонгос хүмүүс овоо чөлөөтэй харилцаатай болж болно.
 

No comments: