Jan 23, 2012

Чин сэтгэлийн харилцаа

Олон жил уулзалдаагүй хүнтэй Фейсбүүкт таарлаа. Миний сэтгэлийн мухарт тэр хүнд болон тэр гэр бүлд талархах талархал үргэлжид байдаг байсан. Одоо ч гэсэн байгаа хэвээр. Тийм ч олон жил харилцаагүй ч гэсэн бидний хооронд итгэлцэл, чин сэтгэлийн харилцаа гэдэг зүйл хэдийнээ үүссэн билээ. Өнөөдөр хамтдаа хийж байсан зүйлсээ дурсан чатлаж байхдаа амьдралын хамгийн дур булаам зүйл нь чин сэтгэлийн халуун харилцааг үүсгэж хадгалан амьдрах юм болов уу гэж бодлоо. Хүсэл, зорилго, хэрэгцээндээ хөтлөгдөж бид хэдэн 100 хүнтэй уулздаг. Тэдний хэд нь чин сэтгэлийн харилцаатай дотны хүн маань болоо.

Сэтгэл барьцгүй зүйл мэт боловч хамгийн барьцтайгаар аливаа харилцааг дэнсэлж байдаг зүйл. Энэ нь угтаа хүний мөс чанар юм уу даа. Мөс чанартай харилцаа удаан үргэлжилж, харин мөс чанаргүй байсан харилцаа хэврэг бөгөөд тасрахдаа амархан байдаг бололтой.
Итгэлцэл, мөс чанараар барьсан харилцаа гэдэг байшин дотор асуудлаа шийдэн халуун амьдрах сайхан. Яг л олгой хагаравч тогоо дотроо гэдэг шиг.

Тэнгэр шиг бай

Энэ шүлгийг заримдаа уншихаар сайхан байдаг юм.

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...



Jan 12, 2012

Хүний амьдралыг 24 цагтай жишвэл

Сөүлийн Их Сургуулийн профессорын бичсэн залуу насны тухай номын эхэнд зохиолчийн бичсэн үг надад их таалагдав. "Хүний амьдралыг 24 цагтай жишиж би өөрийгөө 80 насална хэмээн бодвол одоо миний амьдралд 18:30 болж байна. Шөнө хүртэл зай байна. Их зүйлийг амжуулж болно" гэсэн байсан юм. Би бас өөрийнхөө амьдралыг ингэж тооцолж үзлээ л дээ. Миний амьдралд яг одоо 09:00 болж байна.

Үнэхээр л 24 цагаар жиших юм бол 0-6 цаг хүртэл бид ямар ч зүйл бодохгүй шинэ өглөөний төлөө эрч хүчээ нөөцөлж унтаж өнгөрөөдөг. Энэ бол 20 нас хүртэлх амьдрал. Харин 6 цагаас хойш хөдөлгөөн орж ажил сургуульд явах бэлтгэлээ хийн өөртөө анхаарал тавьдаг. Энэ бол 20-26 нас суралцаж нийгэм дээр бэлтгэгдэн гарахын төлөө өөрийгөө дайчилж, амьдралын хүсэл зорилгоо тогтоодог үе. 8 цагаас бидний идэвхтэй амьдрал эхэлнэ. 26 наснаас хойш гэр бүлтэй болж, ажил мэргэжилдээ байр сууриа олон бүх зүйлийг л эхлүүлж буй үе. Ингэж завгүй гүйн амьдарч байгаад 40 нас хүрдэг. Энэ бидний амьдралын 2 дахь үе билээ. Нөгөөх 24 цагийнхаа яг талд нь ирсэн гэсэн үг. 12 цаг хоолондоо орж шинээр эрч хүчээ сэлбэн, хүсэл мөрөөдлөө ч нэг удаа эргэн харж үлдсэн хугацаанд яаж амьдрахаа боддог цаг. Гэр бүл үр хүүхэд, ажил гэж амьдарсаар нэг мэдэхэд оройн хоолны цаг болж ажил ч тардаг. 18 цагт гэртээ харьж гэр бүлтэйгээ өдрийн ядаргаагаа тайлж, тэднийхээ дунд инээн, хөгжилдөх цаг. Бидний насаар бол энэ 60 нас. Тэтгэвэрт гараад гэр бүлдээ цагаа гаргах цаг. Оройн 20 цагаас 22 цаг хүртэл хэсэг өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийж, гэр бүлийнхэндээ ямар нэгэн зүйл хийж өгч, өдрийнхээ зүйлийг эргэн нэг бодон цэгцэлж суудаг үе. Бидний 60-70 орчим нас ийм үе байх. Харин үүнээс хойш үлдсэн цагт бусдад сэтгэлийн үгээ хэлж, бага ч болтугай цагийг хамт өнгөрөөхийг хүсдэг.
Ингээд бодохоор бидний амьдрал 24 цагтай адил өнгөрдөг мэт.

Танилцуулга бичих зөвлөмж

Солонгост баклавр, магистрт суралцахыг хүсч буй оюутнууд материал бүрдүүлж эхлэхдээ танилцуулга хэрхэн бичвэл тухайн сургуульд тэнцэх магадлалтай байх бол гэж их боддог байх.Анхаарах хэд хэдэн зүйлийг энд дурдая.
Бүрдүүлэх материал дунд application гэж байгаа. Тэнд таны тухай ерөнхий мэдээллийг багтаасан байдаг. Өөрөөр хэлбэл хаана хэзээ төрсөн, эцэг эхийн нэр, төрсөн он сар гэх мэт үндсэн мэдээлэлийг бичдэг. Нэгэнт application дээр эдгээр мэдээллийг бичсэн учир танилцуулгаа бичихдээ дурдахгүй байж болно гэсэн үг.
Танилцуулгад таны ямар орчинд хэрхэн яаж өссөн, юунд сонирхолтой байсан, одоо юу сонирхдог, цаашлаад хүсэж бодож явдаг зүйл гэх мэтийг тусгаж өгөх хэрэгтэй. Бас онцлог зан араншингаа ч энд бичдэг.

Жишээ нь : Манай гэр бүл 3 хүүхэдтэй. Би дундах нь учир багаасаа ах болон дүүтэйгээ их өрсөлддөг байсан. Тэднээс үргэлж илүү байхыг хүсдэг байсан юм шиг байгаан. Энэ байдал маань бага сургуульд орсоны дараа надад бусдын хийгээгүйг хийх гэсэн хүсэлтэй болгосон. Шинийг хийхийг хүссэн хүсэлдээ хөтлөгдөн өсвөрийн зохион бүтээгчдийн клубт 3-р ангиасаа явж эхэлсэн. Мэдээж энэ зүйлд аавын дэмжлэг их нөлөөлсөн гэж боддог... энэ мэтчилэн эссэ хэлбэрээр бичдэг.

Намайг дунд сургуульд сурч байх үед танилцуулга бичихээр төрсөн он сараас эхлээд л ээж аав хаана ямар ажил хийдэг тухай бичдэг байлаа. Мэдээж одоогийн боловсрол их өөр болсон байх гэж бодож байна. Гэхдээ энэ зүйл бага ч болтугай тус болоосой гэж бодном