Dec 25, 2011

Κλειώ: Монгол улсын хязгаарын дотор төмөр зам байгуулах я...

Κλειώ: Монгол улсын хязгаарын дотор төмөр зам байгуулах я...: Монгол газар худалдаа арилжаа бадарсан учир, Монгол улсын төмөр замуудыг ойр бүхий төмөр замууд лугаа холбож бататгахыг чухал болгоё дор ...

Κλειώ: ӨНДГӨН СҮРГИЙН НУТАГ

Κλειώ: ӨНДГӨН СҮРГИЙН НУТАГ: Монголын шарын шашны тэргүүн анхдугаар богд Жавзандамба хутагтын нөлөөгөөр Монгол, хятад хоёр ард түмнийг хооронд нь заагласан манжийн Энх-...

Κλειώ: Ерөнхий сайд Бодоо, Шадар сайд Чагдаржав хоёрыг ца...

Κλειώ: Ерөнхий сайд Бодоо, Шадар сайд Чагдаржав хоёрыг ца...: Дамбын Чагдаржав Догсомын Бодоо Цэргийн зөвлөлийн гишүүн сайд, цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын тушаалаар Ерөнхий сайд Ардын намы...

Κλειώ: Богд гэгээнийг эрдэнийн сууринд залахтай холбогдлу...

Κλειώ: Богд гэгээнийг эрдэнийн сууринд залахтай холбогдлу...: Ерөнхийлөн шийтгэх газраас. Аймаг шавийн түшмэдэд тушаагаад уламжлан мэдэгдүүлэх нь. Дээд сүмээс нааш залрахад олон лам ноёд олон хувраг...

Κλειώ: Монгол улсыг тусгаар улс болгох тухай Хүрээнд сууг...

Κλειώ: Монгол улсыг тусгаар улс болгох тухай Хүрээнд сууг...: Өргөн илгээв сонсгон явуулах учир байцааваас энэ хэр цаг төр урьд лугаа огт адилгүй их түгшүүртэй болсон аж. Манай Монгол урьд Манж хааны...

Dec 8, 2011

Солонгост магистр, докторт суралцах

Энэ удаа магистр, докторт суралцахад суралцах орчин хийгээд мэдэж байвал зүгээр зүйлийн тухай товч бичихийг зорьлоо.
Юуны өмнө суралцахыг хүссэн сургуульдаа материалаа бэлдэн өгөөд тэнцсэн гэсэн хариу гарсан тэр үеэс би тухайн сургуулийн оюутан болсон гэж бодож болно. Гэхдээ төлбөрөө төлсөн тохиолдолд л энэ нь баталгаажна.
Нийгмийн ухаан, байгалийн ухаан, инженерийн салбараасаа хамаараад суралцах орчин нөхцөл бага зэрэг өөр ч ерөнхийдөө бол ижил гэж хэлж болно. Магистр 24кр хичээл сонсох хугацаа 2 жил, доктор 36кр хичээл сонсох хугацаа 3 жил, үүнээс гадна зарим сургуульд магистр докторын хавсарсан сургалт бий. Хавсарснаар сурвал 4 жилд 60 кр сонсоно. Диплом, диссертацийн кредит энд ороогүй. Зөвхөн сонсох хичээлийн л кредитийн тоо. Нэг хичээл 3кредит байдаг.


Баклаврын мэргэжлээ өөрчилж сурч байгаа тохиолдолд зарим сургууль 선수과목 буюу нөхөж үзэх мэргэжлийн хичээлийн нэрс гэж гаргадаг. Өөрөөр хэлбэл сургуулийнхаа баклавраас эдгээр хичээлүүдийг сонсох хэрэгтэй. Нийт сонсох кредит ихэнхдээ 18кр байдаг. Энэ бол 24 дээрээ нэмж сонсох кр.


Нэг семестрт дунджаар 2-3 хичээл л сонсоход хангалттай. Учир нь баклавртай адилгүй ачаалал харьцангуй их. Хичээл ихэнхдээ семенар хэлбэрээр явагддаг учраас 1 хичээл дээр 1 семестрт 3-4 илтгэл тавих хэрэгтэй болдог. Заримдаа үүнээс олон, бага тавих тохиолдол ч бий. Мэдээж тухайн хичээлийг удирдан явуулж байгаа профессор хэр юм шахаж хийлгэдэг хүн бэ гэдгээс хамаарах зүйл. Миний хувьд нийгмийн ухааны чиглэлээр сурдаг учраас өөрийнхөө хүрээнд л мэддэгээ энд хуваалцаж байна. Өөр салбаруудад өөр байж ч болно, мөн сургуулийн онцлогоос хамаараад өөр өөр байх нь бий.
2 юмуу 3-р семестрээс удирдагч багш болон хамгаалах сэдвээ сонгодог. 3-р семестрээс хойш диплом хамгаалах эрхийн шалгалт(논문자격시험 товчлол нь 논자시) гэдгийг өгдөг. Шалгалт нь ихэнхдээ гадаад хэл(англи хэл зарим сургуульд гадаад оюутнуудаас солонгос хэлний шалгалт авдаг), мэргэжлийн 2-3 шалгалт өгдөг. Энэ шалгалтандаа тэнцсэн бол диплом хамгаалалтанд орох эрхтэй болдог. Шалгалтыг жилдээ 2 удаа авдаг. 3 болон 9 сард шинэ семестр эхлэхэд бүртгэл нь явагддаг. Зарим сургууль семестрийн эхэнд зарим нь төгсгөлд нь авдаг. Хэрвээ шалгалтандаа унавал дараагийн семестрийг хүлээх хэрэгтэй болно.


Шалгалтандаа тэнцсэн бол диплом болон диссертаци хамгаалах ажилдаа орно. Энэ бас л цаг хугацаатай. Хамгаалахын өмнө магистр 1, доктор 2 удаа нээлттэй хэлэлцүүлэгт ордог.
Магистрын хамгаалах зөвлөл 3, докторынх нь 5 гишүүнтэй байдаг. Нээлттэй хэлэлцүүлэгээ амжилттай давсан бол хамгаалалтанд орно. Хамгаалалт мөн л шалгалттай адил 1 жилд 2 удаа буюу 1 семестр 1 удаа явагдана. Урьдчилан зарладаг учир тэр үед нь бүртгүүлээд хамгаалах хураамжийн мөнгөө тушаахад л болно.
Магистрын хамгаалалт 1, докторынх нь 3 удаа ордог. Магистрын хамгаалах нийт хугацаа 1 семестр буюу хагас жил орчим, доктор харин 2 хэлэлцүүлэгтэй учир 1 жил орчим зарцуулагддаг.


Энд диплом болон диссертаци бичих хугацаа ер ороогүйг анхаараарай. Энэ бол тухайн суралцагчаас л хамаарах зүйл. Хамгаалалт амжилттай болсон бол дипломоо эцсийн засварт оруулан сургуулиас гаргаж өгсөн стандартын дагуу дипломын хэвлэлийн эхийг бэлтгэн 30 орчим хувь хэвлэнэ. Үүнээс их хэвлэж болно. 10 гаруй хувийг нь сургуульд, үүнээс гадна удирдсан багш, хамгаалах зөвлөлийн профессорууд, тэнхимийн мэргэжлийн багш нар, мөн хамт суралцаж байсан хүмүүстээ тарааж өгөх хэрэгтэй. Ингээд дуусан бол төгсөлтийн баяраа хүлээх л үлдэнэ дээ. Төгсөлт намар 8 сар, хавар 2 сарын сүүлээр болдог.

Dec 5, 2011

Сонбэ

3 жилийн өмнө таньдаг оюутны гуйлтаар солонгос, солонгос хүн гэдэг сэдвээр эссэ бичиж өгч байлаа. Саяхан эргээд харсан чинь шүүмжлэлтэй байр сууринаас харсан үгс нилээд цухалзаж харагдана. Энэ эссэг бага зэрэг өөрчлөн сийрүүлвэл

Солонгос хүмүүс хүнтэй анх уулзахдаа ямар байр суурин дээрээс уулзаж байгаагаас хамаараад хэрэглэх үгээ сонгон ярьдаг. Солонгос хэлэнд хүндэтгэлийн үг, үйл үгийн нөхцлийг хэрхэн хэрэглэж байгаагаас энэ хүн надтай ямар байр суурьнаас харьцаж байгаа нь шууд л ажиглагддаг. Тухайн хүнийхээ насыг мэдэж байж хүндэтгэлээр ярих эсэхээ шийддэг учраас анх уулзаад л чөлөөтэй нас асуудаг. Нэг насны зөрүүтэй байсан ч хүндэтгэлээр ярина. Өнөөгийн монгол хүмүүсийн сэтгэхүйгээр бол ямар сүртэй юм бэ гэж хэлмээр...Энэ нь харилцааны төвөгтэй мэт боловч эрэмбэтэй байдлыг бүрдүүлж чадсан болов уу. Нэг талаар күнзийн соёлтой ч нягт холбоотой биз. Солонгос хүмүүс гэр бүл, ажил, сургууль гэх мэт нийгмийн харилцааны бүх салбарт энэ эрэмбэт харилцаагаа нарийн баримталдаг. Жишээ нь гэр бүлд
хүүхэд гэр бүл дотроо нэг насны зөрүүтэй ах эгчийгээ ч ах эгч гэж заавал дуудах, мөн гэр доторх хамгийн ахмад настай хүн түрүүлж хоолонд гар хүрээгүй байхад хүрч болохгүй, орж гарахдаа, гарлаа, орж ирлээ гэж заавал мэндэлж байх гэх мэт. Мөн насан хүрэхээсээ өмнө ээжийгээ омма, аавыгаа абба гэж дуудаг бол насанд хүрээд биеэ даагаад эхэлвэл аавыг абожи, ээжийг омони гэж дуудаж эхэлнэ. Монголд отгон хүү гал голомтоо сахиж үлддэг бол солонгост эсрэгээрээ том хүү голомт залгах хүү байдаг.

Сургуульд миний дээд ангийн, дээд курсынх л бол бүгдийг сонбэ гэж дуудан хүндэтгэж харьцах хэрэгтэй.
Албан газарт ч адил. Намайг ажилд орохоос 1-2 сарын өмнө орсон хүн ч миний сонбэ байх болно. Солонгосууд тэнгэр мэт сонбэгаа гэж их хэлдэг. Уг утга нь тэнгэр мэт түшигтэй гэсэн утгатай боловч нийгмийн харилцаанд заримдаа тэнгэр мэт түшигтэй гэхээсээ илүүтэйгээр хажуу хавирганаас стресс өгөгч болж хувирсан мэт. Сонбэ өөрийнхөө эрх мэдлээр далайлгах дуртай. Ойр зуурын ажил гээд л олон зүйлд гар хөлийн үзүүрт зарна. Сонбэ үг хэлвэл сайн дуулгавартай дагаж байж миний ирээдүй гэрэлтэнэ, харин шөргөөцөлдвөл хэцүүднэ. Сонбэ архи өгвөл уух хэрэгтэй. Мөн настай хүн архи өгвөл уух хэрэгтэй гэдэг. Сүүлийн 3 жилийн дотор солонгос хүмүүс овоо чөлөөтэй харилцаатай болж болно.
 

Aug 3, 2011

Нобелийн шагнал үүссэн түүх

   1895 оны 11 сарын 27-нд Нобель өөрийн бичсэн гэрээслэлээ нийтэд зарлан бүх хөрөнгөөрөө утга учир бүхий шагналын санг үүсгэх болсон тухайгаа зарлажээ. 350 гаруй лецензийн эрхийг эзэмшигч, том жижиг 90 гаруй үйлдвэрийн удирддаг Нобель ийм шийдвэр гаргахад сонины нэгэн өгүүлэл хүчтэй нөлөөлсөн гэдэг.
   Гэрээслэлээ нийтэд зарлахаас 7 жилийн өмнө буюу 1888 онд Алпред Нобелийн төрсөн ах Лүдвик Нобель Францийн Канд нас эцэслэжээ. Гэтэл нэгэн сонин ах дүү хоёрыг андууран Алпред Нобелийг нас барсан хэмээн ойлгож "Үхлийн бизнесмэнийн үхэл" хэмээх өгүүлэл хэвлэжээ. Энэ өгүүлэлийг олж уншсан Нобель маш хүнд шоконд оров. Бүхий л амьдралынхаа туршид ганцаараа амьдарсан ч чамгүй амжилттай амьдарч байгаа бизнесмэн хэмээн бодож явтал хүмүүс намайг нас барсаны дараа "үхлийн бизнесмэн" гэдгээс илүүгээр дурсан санахгүй юм гэж үү бодох тусам "би хүмүүст юу гэж дурсагдах вэ" гэдэг бодлоос салахаа больжээ. Ингэж бодсоор 7 жилийн дараа "Үхлийн бизнесмэн" бус "хүн төрөлхтөнд гавъяа байгуулсан хамгийн үнэ цэнэтэй шагнал"-ыг бий болгохоор шийдэн шагналын санд өөрийн бүх хөрөнгөө өгчээ.

   Хүн гэдэг хэзээ нэгэнт цагт үхэх нь тодорхой. Амьд байхдаа бидний өөрөөсөө асуун бодож амьдрах асуулт яалтгүй намайг үхсэний дараа хүмүүс юу гэж дурсан санах бол. Намайг хэн гэж, юу гэж дурсан санаасай гэдгийг нэг удаа ч болов бодож үзэх хэрэгтэй мэт.

Aug 2, 2011

Солонгос улсад суралцах зөвлөмж

Солонгост хичээлийн шинэ жил хавар 3 сарын 1-нд эхэлдэг. Бага, дунд, ахлах сургуулийн сурагчид жил бүрийн 3 сарын 1-нд анги дэвшдэг гэсэн үг. Харин оюутнуудын элсэлт жилд 2 удаа явагдана. Хавар 3 сарын 1, намар 9 сарын 1-нд шинэ оюутнуудыг авна. Бүртгэлийн хугацаа тухайн сургуулиасаа хамаарч 1 жилээс 3 сарын өмнө эхэлдэг. Өөрөөр хэлбэл би 2012 оны 3 сарын элсэлтээр суралцая гэж бодож байгаа бол 2011 оны 6 сарын сүүлээс эхлэн сургуулиудын сайтаар элсэлтийн зар гарч байгаа эсэхийг судлан үзэх хэрэгтэй. Зарим сургуулиуд гадаад оюутны элсэлтийг 1 жилийн өмнө эхэлдэг. Ер дунджаар 2011 оны 9-11 сарын дунд гэхэд дийлэнх сургуулийн элсэлт явагддаг. Элсэлтийн материалыг авахдаа элсэх өргөдөл буюу application-ыг онлайнаар бөглөн түрүүлж явуулаад принтлэж аваад үлдсэн материалтайгаа нийлүүлэн сургуулийн бүртгэлийн хугацаанд амжуулж шуудангаар явуулахад болно.

Бүрдүүлэх материал :
Баклавр
- Application (бланк бий)
- Цээж зураг 4% орчим
- 12-р анги төгссөн гэрчилгээ
- 12-р ангийн дүнгийн хуулбар
- Суралцах төлөвлөгөө
- Өөрийн танилцуулга
- Санхүүгийн батлан даалт (10,000 $) Батлан даалт гаргагч хүний ажлын тодорхойлолт, ямар хамааралтай болох тухай
- Суралцаж байсан сургуулийн тухай мэдээлэл (бланк бий)
- Эцэг эх нь бүгд гадаад гэдгийг батлах бичиг баримт (эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар)
- Гадаад иргэн гэдгийг гэрчлэх бичиг баримт (иргэний үнэмлэхний хуулбар)
- Бүртгэлийн хураамж 100,000 вон орчим

Магистр, Доктор
Дээрхтэй ерөнхийдөө ижил нэмэлт материал нь
- Багшийн тодорхойлолт (Recommendation) 1 юмуу 2
- Бүтээлийн танилцуулга ( магистрын дипломын хураангуй гэх мэт)

Сургалтын төлбөрийн хувьд Солонгосын улсын сургуулиуд төлбөрийн хувьд арай л хямд. Дунджаар сургалтын төлбөр 1 семестр 3,5 сая - 5 сая орчим
Шинээр элсэж байгаа тохиолдолд элсэлтийн хураамж гэж төлдөг. Ойролцоогоор 1 сая вон.
Суралцаж байгаа салбар ухаанаас хамааран төлбөр харьцангуй өөр байдаг.
Нийгэм хүмүүнлэгийн ухаан - төлбөр хамгийн хямд
Байгалийн ухаан, Инженерын салбар - нийгмийн ухаанаас 1 сая орчим илүү

Монголд сургалтын төлбөрийг жилдээ 1 удаа төлдөг бол Солонгост 1 жилд 2 удаа төлдөг.
Зарим сургуулиуд гадаад оюутанд сургалтын төлбөрийн 50% тэтгэлэг олгодог. Энэ нь суралцах хугацаанд 2,7-с дээш голчтойгоор суралцах ёстой гэсэн тодорхой дүрэмтэй байдаг.
Хэрвээ дүнгээ хадгалж чадаагүй бол 50% ч авч чадахгүй хүрнэ гэсэн үг.

Гэхдээ та нэгэнт суралцахаар шийдсэн бол баклаврт бус магистр, докторт гадаадад суралцах нь танд арай илүү амар байх болно гэж зөвлөмөөр байна. Баклаврт дотоодын оюутны өрсөлдөөн хангалттай их учир тэр болгон гадаад оюутан төлбөрийн хөнгөлөлт аваад байх боломж багатай. Харин баклаврын дараах шатны сургалт нь өрсөлдөгч бага байдаг учир тэтгэлэг төсөлд хамрагдах боломж өндөр.

Энэ мэдээлэл танд бага ч болсон тус болоосой гэж хүснэм.

Apr 15, 2011

Солонгос улсад хэлний бэлтгэлд суралцах тухай

Монголоос Солонгосыг зорих оюутан залуусын тоо сүүлийн 3-4 жил эрс өслөө. Ихэнх оюутнууд хувийн зардлаар ирдэг. Ялангуяа хэлний бэлтгэлээс эхлэн суралцах гэж буй оюутнууд бол бараг л 100% төлбөрөө өөрөө даах хэрэгтэй байдаг.


Монголоос шууд хэлний бэлтгэлд элсэх материалаа бүрдүүлэн визэнд орж ирэх эсвэл аялалын виз буюу С-3 ангилалын визаар Солонгост ирэн хэлний бэлтгэлээ сонгон орох гэсэн хоёр сонголт бий.
Шууд D-4 буюу түр хугацааны сургалтын виз нь дотроо хэлний бэлтгэл гэсэн ангилалтай. Энэ ангилалын визээр Солонгос улсад 2 жилээс дээш хугацаагаар амьдрах боломжгүй. С-3 визээр орж ирсэн хүн тухайн визнийхээ хугацааг дуусахаас өмнө сургуульд бүртгүүлэн орох хэрэгтэй. Сургуульд материал өгөхөд 7-21 хоногийн дотор тэнцсэн эсэх хариу гарна. Тийм учраас цаг хугацаагаа зөв тооцоолох нь чухал. Тэнцсэн хариу гарвал сургалтын төлбөрөө шилжүүлнэ. Хэлний бэлтгэлийн 1 шатны төлбөр 900,000-1,600,000 болно. Монголоос шууд элсэн орохыг хүсч байгаа бол ихэнхдээ 2-4 шатны төлбөрийг нэг дор төлөх хэрэгтэй болдог.


Сүүлийн үед монгол оюутны тоо ихэссэн, ирмэгцээ сурахгүй хаяад явдаг зэргээс болж зарим сургуулиуд монгол оюутны элсэлтийн материалд ганц хоёр нэмэлт шаардлага тавьдаг болсон. Жишээ нь: Сэжун ИС, Сөүл хотын ИС, Конгүг ИС гэх мэт.

Хэлний бэлтгэлд ороход шаарддаг нийтлэг материал

1. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн боловсролын гэрчилгээ
2. Дүнгийн хуулбар
3. Цээж зураг
4. Суралцах төлөвлөгөө
5. Анкет(сургуулиуд өөрийн гэсэн бланктай байдаг)
6. Санхүүгийн баталгаа 3000$-оос дээш(зарим сургууль 10,000$)
7. Гадаад паспортын хуулбар
8. Солонгос хүний батлан даалт
9. Бүртгэлийн хураамж 50,000-100,000 вон

Санхүүгийн баталгааг сүүлийн үед хадгаламжийн дэвтэрийн хуулбар, сүүлийн 1 сарын гүйлгээний хуулгатай хамт шаарддаг болсон харагдаж байсан. Гэхдээ энэ бол бүх сургуулийн хувьд биш. Ер нь бол дансны үлдэгдлийн тодорхойлолт л байхад болдог.
Солонгос хүний батлан даалтын асуудал жоохон хэцүү. Хэрэв танд батлан даалт хийж өгөх таньдаг солонгос хүн байгаа бол сургууль зуучлах байгууллагаар дамжилгүй өөрөө шууд бүртгэлээ хийж болно. Харин ийм хүн байхгүй тохиолдолд монголд байгаа Солонгосын хэлний бэлтгэл зуучлах төвөөр дамжуулан материалаа өгвөл тухайн байгууллага батлан даалтыг өөрсдөө хийж өгөх болно. Гэхдээ сайн лавлаж асуугаарай.

Ихэнх сургуулиудын хэлний бэлтгэл 1-6 шаттай байдаг. Санмён ИС-ийн хэлний бэлтгэл 8 шаттай, Йөнсэ ИС-ийнх европын орноос ирсэн оюутнуудын А, Б гэсэн ангилалтай ангиудтай сургалтаа явуулдаг.

1 шатанд 10 долоо хоног сурдаг. Тэгэхээр 10 долоо хоноод визагаа сунгуулна гэсэн үг. Виз сунгалтын хураамж 30,000 вон. Дансны үлдэгдлийн баталгаа 3 сая вон.

Хичээл эхлэх хугацаа нь ерөнхийдөө ойролцоо
Хавар 3.1-5.10 орчим
Зун 6. 1-8.10 орчим
Намар 9.1-11.10 орчим
Өвөл 12.1-2.10 орчим

Тухайн сургуулиасаа хамаараад дээрх хугацаанаас хойшоо урагшаа 7-14 хоногийн өмнө, хойно эхэлнэ. Бүртгэл нь хичээл эхлэхээс 2-3 сарын өмнө явагдана гэж тооцох хэрэгтэй. Энд амьдарч байгаа оюутнуудын хувьд гэвэл хичээл орохоос 1 сар юм уу заримдаа 14 хоногийн ч өмнө бүртгүүлэх боломжтой.

Хэлний бэлтгэлүүдтэй сургуулиудын вэб хаягийг орууллаа. Өөрөө ороод сонирхоод үзвэл илүү мэдээлэл авах боломжтой. Сөүл, Кёнги мужид байршилтай сургуулиуд. Метрогоор яваад байх боломжтой байршилтай

http://language.snu.ac.kr/site/kr/lei/main/main.jsp - Сөүлийн ИС-ийн хэлний сургалтын төв
http://dilc.duksung.ac.kr/ Догсон эмэгтэйчүүдийн сургууль
http://kfli.konkuk.ac.kr/ Конгүг ИС
http://elc.ewha.ac.kr/korean/ko/index.asp Ихва эмэгтэйчүүдийн ИС
http://huniv.hongik.ac.kr/~hili/ Хуниг ИС
http://site.inha.ac.kr/ltc/ Инха ИС
http://www.kookmin.ac.kr/ Гүгмин ИС
http://www.yskli.com/ Йөнсэ ИС
http://cklc.smu.ac.kr/ Санмён ИС
http://kli.ajou.ac.kr/main.asp Ажү ИС
http://www.uikorean.kr/ Инчөнь ИС
http://hankls.hnu.kr/ Ханнам ИС
http://web.kmu.ac.kr/kintlcenter/ Кэмён ИС
http://cafe.daum.net/sskorean2/ Сүншил ИС

Дашрамд хэлэхэд олон хүмүүс хэлний бэлтгэл, их сургууль, магистр, докторт яаж орох уу, юу бүрдүүлэх үү гэх зэргээр их асуудаг. Миний бие энд хэдэн жил сурч байгаа учраас бас нэг ч гэсэн монгол хүнд тус болох үүднээс боломжоороо хэлж өгдөг. Харин үүнийгээ блог дээр тавивал хэн хэндээ амар гэж санаад орууллаа

Асуух зүйл гарвал үг үлдээж болно шүү.

Амжилт хүсье