Jun 18, 2012

Шудрага ёсны дархлаагаа сэргээе


Блог дээр солонгост хэрхэн сурах тухай залуучууд үе үе comment үлдээх юм. Чадлаараа л нэг ч гэсэн монгол хүнд тусалчих санаатай хариулж байна.

Энэ асуултууд хариулж байхдаа өөрийн эрхгүй нэг зүйлийг бодох боллоо. Шудрага байдлын тухай монголчуудын дархлаа алдагдчихсан бололтой. Үүнийгээ шудрага бус зүйл гэж нэг их анзаарахгүй, анзаарсан ч хүн болгон л тэгж байгаа ш дээ гэсэн бодол байсаар байх шиг. 

Бид аливаа зүйлийг танилаараа хийж ирсэн үүнд нөлөөлсөн ч байж мэднэ. Магадгүй нөгөө цуутай авилгалын нэг үндэс бизээ. Бид эхлээд энэ сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Монголд их дээд сургуулийн оюутнууд хичээлээ тасалж байгаад гэнэтхэн шалгалтын өмнөх өдөр, акт аваад хүрээд ирдэг. Мэдээж үнэнээсээ өвддөг нь байдаг л байх даа. Гэхдээ тэр акт нь яг тэр оюутны семенар хийх өдөр нь байх жишээтэй. Багш нь энэ бол зүгээр шалтаг гэдгийг мэдэж байгаа хир нь нүдээ аниад л акттай байсан оноог нь бүтнээр нь тооцож тавьна. Ингээд оюутан хүслээ биелүүлсэн гэсэн үг. Дотроо баярлаж үүнийгээ найз нартаа хэлнэ. Нөгөөдүүл нь магтаж урамшуулна. Нөгөө актаа авахын тулд өрхийн эмчид худлаа хэлж акт авна, чадахгүй бол таньдаг эмчээсээ акт авна. Ингээд л жижиг сүлжээ бий болно.
Хуурамч акт өгч байгаа эмч,  нүдээ аниж хууртсан дүрд тоглож байгаа багш, ирцээ бүтнээр тооцуулж, семенарт оролцоогүй гэж дүнгээ хасуулахгүй болсондоо баярлаж гүйж байгаа оюутан аль аль нь үүнийгээ шудрага бус зүйл хийж байна гэж бодохгүй. 
Ингэж ирсэн, ингэсээр ч байх болно гэсэн байдалтайгаар үргэлжилсээр... Хамгийн асуудалтай нь энэ энэ сэтгэхүйгээрээ гадаадад сурч байхдаа багшийг хуурах гэж оролдоно. Нөгөө профессор нь монгол багштай адил нүд аниж өгөхгүй ш дээ. Багш ёстой хүн ойлгодоггүй гэж гомдоллоно.  Үнэндээ би хүн хуурах гээд буруу юм хийгээд байна гэж ер бодохгүй. Асуудал нь тухайн хүнд биш өөрт нь байгааг даанч ухаарахгүй. Нийгмийн шудрага ёс гэдэг зүйл ийм жоохон гэж бодож байгаа зүйлээс л эхэлдэг.  Бага зүйлд итгэмжтэй байж суръя гэж залуучууддаа уриалмаар байна. 
Шудрага ёсны дархлаагаа нэг шалгаад үзээрэй. Дархлаагаа сайжруулах цаг болсон юм биш биз.