May 27, 2012

Хятад зүйр үг

Яаруу хүн халуун дүфү идэж чадахгүй.
Хүн л болсон юм хойно хийсэн юмны үр дүнг хурдан амсахыг хүсдэг. Харин энэ зүйр үгийн утга нь манайхаар бол яарвал даарна гэдэгтэй утга нэг. Зүйр үгийг сайн ажаад байвал тухайн улс, үндэстний зан заншилын онцлогийг харуулдаг. 
Бас нэгэн зүйр үгийг сонирхуулъя. 

Сычваны нохой нарыг хараад хуцна. 
Сычван Хятадын баруун өмнө зүгт оршдог уулархаг, манантайгаа алдартай нутаг. Жилийн дундаж хур тунадас 2000 мм хүрдэг учир өглөөдөө битүү манан татаж, нар үзэгддэггүй аж.  Байнга шахуу манантай байдаг газарт хааяа нэг цэлмэг өдөр тохиож энэ үеэр нар үзэж байгаагүй нохой гэнэт нарыг хараад хуцжээ. Үүнээс үүдэн наад захын мэдлэггүй хирнээ жирийн зүйлийг ч хачин сонин болгож хараад байгаа хүнийг энэ нутгийн нохойтой зүйрлүүлж хэлдэг аж.

Баавгай эрдэнэ шиш түүхтэй адил нэгийг олоод нөгөөг алдана.
Баавгай эрдэнэ шиш түүхдээ хоёр гараараа ээлжилж түүдэг гэнэ. Нэг гараараа таслаж авсан шишээ нөгөө гарынхаа суганд хавчуулаад, дараа нь нөгөө гараараа таслаж авахдаа сугандаа байсан шишээ унагаагаад... энэ мэтээр хэсэг түүж байгаад харвал гартаа ердөө ганц л шиштэй үлддэг аж. Аливаа зүйлийг хийхдээ ихийг хийх гэсэн хүсэл шуналаа хэтэрхий өмнөө тавих юм бол эцэстээ баавгайтай адил гартаа ганц шиштэй л үлдэх болно гэсэн утгатай гэнэ. 

May 1, 2012

БНСУ-д ILWOO сангийн тэтгэлэгээр баклавр, магистрт суралцуулна


БНСУ-ын ILWOO сан(Хуучнаар 21-р Зуун Солонгос Судлалын Сан) өөрийн тэтгэлгээр 2012/2013 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 бакалавр оюутан, 4 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.


Бүртгэл авах сүүлийн хугацаа: 2012-05-25
Бичгийн шалгалт: 2012-05-28
Ярилцлага: 2012-06-14

Тавигдах шаардлага:
Бакалавр: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, 2012 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош настай.

Магистрант: Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2012 оны хавар төгсөж байгаа (голч дүн 3.0 ба түүнээс дээш) 2011 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны байна.

Бүртгэл:
Бакалавр: Бакалаврын бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийж, сургуулийн захирлын албан бичгээр шалгалтанд орох оюутны нэрсийг бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт 2011 оны 5 сарын 25-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
Магистрант: Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь 2012 оны 5 сарын 24, 25-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны 179 тоот өрөөнд бүртгүүлнэ.

Шалгалт:
Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математик/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна.

Бичгийн шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд 2012 оны 5 сарын 28-ны өдрийн 15.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалтгалтын дүнг 2012 оны 5 сарын 29-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Бичгийн шалгалтанд өндөр оноо авсан шалгуулагчдыг ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрс болон ярилцлагын байр, цагийн хуваарийг 2012 оны 6 сарын 4-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Ярилцлагыг 2012 оны 6 сарын 14-ний өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ.

Сургууль:
Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд дараах 3 сургуульд суралцана:
1. Инха Их Сургууль-д 3 оюутан
2. Ихуа Эмэгтэйчүүдийн Их Сургууль-д 2 оюутан
3. Нисэхийн Их Сургууль-д 3 оюутан

Тэтгэлэг:
- Сургалтын төлбөр
- Дотуур байрны төлбөр
- Эрүүл мэндийн даатгалын төлбөр
- Солонгос хэлний курсийн төлбөр
- Онгоцны билет(Анх очиход болон төгсөөд буцахад)
- Сар бүрийн тэтгэлэг олгоно. Сар бүрийн тэтгэлгийн хэмжээ сурч буй сургууль болон курс(бакалавр/магистер)-ээс хамаарч харилцан адилгүй байна.

Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам, http://www.mecs.gov.mn
БНСУ-ын ILWOO Сан, http://www.ilwoo.org