Jan 12, 2012

Хүний амьдралыг 24 цагтай жишвэл

Сөүлийн Их Сургуулийн профессорын бичсэн залуу насны тухай номын эхэнд зохиолчийн бичсэн үг надад их таалагдав. "Хүний амьдралыг 24 цагтай жишиж би өөрийгөө 80 насална хэмээн бодвол одоо миний амьдралд 18:30 болж байна. Шөнө хүртэл зай байна. Их зүйлийг амжуулж болно" гэсэн байсан юм. Би бас өөрийнхөө амьдралыг ингэж тооцолж үзлээ л дээ. Миний амьдралд яг одоо 09:00 болж байна.

Үнэхээр л 24 цагаар жиших юм бол 0-6 цаг хүртэл бид ямар ч зүйл бодохгүй шинэ өглөөний төлөө эрч хүчээ нөөцөлж унтаж өнгөрөөдөг. Энэ бол 20 нас хүртэлх амьдрал. Харин 6 цагаас хойш хөдөлгөөн орж ажил сургуульд явах бэлтгэлээ хийн өөртөө анхаарал тавьдаг. Энэ бол 20-26 нас суралцаж нийгэм дээр бэлтгэгдэн гарахын төлөө өөрийгөө дайчилж, амьдралын хүсэл зорилгоо тогтоодог үе. 8 цагаас бидний идэвхтэй амьдрал эхэлнэ. 26 наснаас хойш гэр бүлтэй болж, ажил мэргэжилдээ байр сууриа олон бүх зүйлийг л эхлүүлж буй үе. Ингэж завгүй гүйн амьдарч байгаад 40 нас хүрдэг. Энэ бидний амьдралын 2 дахь үе билээ. Нөгөөх 24 цагийнхаа яг талд нь ирсэн гэсэн үг. 12 цаг хоолондоо орж шинээр эрч хүчээ сэлбэн, хүсэл мөрөөдлөө ч нэг удаа эргэн харж үлдсэн хугацаанд яаж амьдрахаа боддог цаг. Гэр бүл үр хүүхэд, ажил гэж амьдарсаар нэг мэдэхэд оройн хоолны цаг болж ажил ч тардаг. 18 цагт гэртээ харьж гэр бүлтэйгээ өдрийн ядаргаагаа тайлж, тэднийхээ дунд инээн, хөгжилдөх цаг. Бидний насаар бол энэ 60 нас. Тэтгэвэрт гараад гэр бүлдээ цагаа гаргах цаг. Оройн 20 цагаас 22 цаг хүртэл хэсэг өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийж, гэр бүлийнхэндээ ямар нэгэн зүйл хийж өгч, өдрийнхээ зүйлийг эргэн нэг бодон цэгцэлж суудаг үе. Бидний 60-70 орчим нас ийм үе байх. Харин үүнээс хойш үлдсэн цагт бусдад сэтгэлийн үгээ хэлж, бага ч болтугай цагийг хамт өнгөрөөхийг хүсдэг.
Ингээд бодохоор бидний амьдрал 24 цагтай адил өнгөрдөг мэт.

2 comments:

татуми said...

сонирхолтой юм. ер нь өөрөө их сэтгэлд ойрхон хүн санагдчихлаа танидаг эртнээс мэддэг ч юм шиг. хэхэ блогоор чинь байнга зочилж санал бодлоо хуваалцах болноо. ертөнцийг үзэх үзэл бодлын маань харах өнцөг дөхүү бололтой. амжилт хүсье

Anonymous said...

Үнэхээр сонирхолтой юм аа. Огт бодож байгаагүй юм байна.