Feb 4, 2012

Даруу зан мөнхийн гоёл

Өнөөдөр зурагт үзэж байгаад санамсаргүй Global CEO буюу дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Солонгосын нэр хүндтэй хүмүүсийн амжилтын нууцын тухай олон нийтэд таниулах хөрөг нэвтрүүлэгийг үзлээ. Энэ удаагийн нэвтрүүлгээр Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын ерөнхий захирал И Чэ үг гуайг урин оролцуулжээ. Инчоны нисэх онгоцны буудал 2001 онд байгуулагдаад үүнээс хойш 6 дахь жилдээ дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар шалгарч байгаа юм байна. Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлуудын захиралууд түүнийг ам нэгтэйгээр шилдэг сайн удирдагч гэж хэлж байгаа нь аргагүй л дэлхийн хэмжээний удирдагч гэдгийг хэлж байлаа. Инчоны нисэх онгоцны буудлын загвар төдийгүй үйлчилгээг сурах гэж дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын удирдлага, ажилчид Солонгосыг зорих нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэнэ. Тэрээр дэлхийн шилдэг байхын тулд 3 зүйлийг баримталдаг.
Ая тух, хурдан шуурхай үйлчилгээ, аюулгүй байдал бөгөөд энэ дундаас аюулгүй байдал юунаас ч илүү чухал гэдгийг онцолж байлаа. Харин удирдагч хүний хувьд амжилтанд хүрэхийн төлөө нэгдүгээрт үргэлж суралцах хүсэлтэй байх хэрэгтэй. Биднээс доогуур амжилтгүй байсан ч тэднээс сурах зүйл юу байна, бидэнд байхгүй юу байна гэдгийг үргэлж харж сурч байх нь чухал. Хоёрт, даруу байгаарай. Гуравт, үргэлж бусдыг хүндэлж, тэднийг сонсож бай гэж хэлсэн нь үнэхээр сэтгэлд хүрлээ.
Эцэст нь түүний амжилтын нууц даруу байдал юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Даруу байдлаас хүндлэл гарч, мөн даруу байгаа учраас бусдаас өөрийгөө илүү тавилгүй тэднээс өчүүхэн бага гэхгүй сурах сэтгэлтэй байх болов уу. Энэ нь өнөө үеийн залуучууд бидэнд дутагдаж байгаа чанар. Даруу байна гэдэг яг үнэндээ маш хүнд юм шиг боловч биднийг хамгийн үзэсгэлэнтэй харагдуулдаг. Чиний юу хийснийг бусдын ам ярьж байна уу эсвэл чи өөрөө ярьж байна уу гэдгээр өөрийгөө ямар хүн бэ гэдгийг нэг эргэж хараарай. Би бас энэ зан чанарт суралцах гэж хичээж байна.

No comments: