Mar 23, 2012

Солонгосын их дээд сургуулийн вэб хаяг

Солонгост сурахыг хүссэн залуучууд нилээн байгаа бололтой. Сургуулиа сонгоход дөхөм болох үүднээс хэд хэдэн сургуулийн вэб хаягийг оруулъя. Солонгост 300 орчим их дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Монголоос зуучлалаар орж ирж байгаа оюутнууд Сөүлээс зайтай хотод сургуульд ирэх нь элбэг байдаг. Орон нутгийн сургууль өрсөлдөөн арай багатай байдаг учир гадаадаас оюутан элсүүлэх явдал элбэг болсонтой холбоотой биз. Хэлний хувьд гэвэл солонгос хэлийг монголдоо хямд төлбөрөөр сайн сурах боломж өндөр гэж боддог. МУИС болон УБ дээд сургууль дээр Сэжүн хагдан гэж хичээллэж байгааг сонссон. Тэнд 1 жил сурахад энд хэлний бэлтгэлийн 4-р шатыг төгссөнтэй ижил төвшинд сурдаг гэж сонсож байсан юм байна. Ямартай ч өөрсдөө шууд очоод сургалтын хөтөлбөртэй нь танилцаж болох байх. Солонгост жил бүр их дээд сургуулийн сургалтын чанарыг шалгаж уг оноогоор сургуулиудыг жагсаадаг. 2012 оны үзүүлэлтийг энд танилцуулъя. Эхэнд сургуулийн нэр ард нь хаалтанд аль хотод байдгийг бичлээ.

1 서울대(서울) - Сөүлийн ИС (Сөүл) http://www.snu.ac.kr/

2 카이스트(대전) - KAIST (Тэжон) http://www.kaist.ac.kr/index.php

3 포스텍(경북) - Пуханы Технологийн ИС товчлол нь Постек (Кёнбүг) http://www.postech.ac.kr/

4 연세대(서울) - Ёнсей ИС (Сөүл) http://www.yonsei.ac.kr/

5 고려대(서울) - Корё ИС (Сөүл) http://www.korea.ac.kr/

6 서강대(서울) - Соган ИС (Сөүл) http://www.sogang.ac.kr/

7 성균관대(서울/경기) - Сонгюнгван ИС (Сөүл) http://www.skku.ac.kr/

8 한양대(서울) - Хан-ян ИС (Сөүл) http://www.hanyang.ac.kr/

9 울산과학기술대(울산) - Үлсан хотын ШУТИС (Үлсан) http://www.unist.ac.kr/kor/index.jsp

10 중앙대(서울) - Жүн-ан ИС (Сөүл) http://www.cau.ac.kr/



11 서울시립대(서울) - Сөүл хотын ИС (Сөүл) http://www.uos.ac.kr/

12 한국외국어대(서울) - Солонгосын Гадаад хэлний ИС (Сөүл) http://www.hufs.ac.kr/

13 경희대(서울) - Кёнхый ИС (Сөүл) http://www.khu.ac.kr/

14 이화여대(서울) - И-хва эмэгтэйчүүдийн ИС (Сөүл) http://www.ewha.ac.kr/

15 부산대(부산) - Пүсаны ИС (Пүсан) http://www.pusan.ac.kr/

16 경북대(대구) - Кёнбүг ИС (Кёнбүг) http://www.knu.ac.kr/

17 건국대(서울) - Конгүг ИС (Сөүл) http://www.konkuk.ac.kr/

18 동국대(서울) - Дунгүг ИС (Сөүл) http://www.dongguk.edu/

19 인하대(인천) - Инха ИС (Инчонь) http://www.inha.ac.kr/

20 아주대(경기) - Ажү ИС (Гёнги) http://www.ajou.ac.kr/

KAIST, POSTECH сургуулиуд технологи, шинжлэх ухааны чиглэлээр Солонгостоо төдийгүй Азидаа гайгүй сургуульд ордог. Энэ 2 сургуульд одоо сурч байгаа, төгсөөд энд мэргэжлээрээ ажиллаж буй монгол залуучууд хэд хэд бий. 2 сургуулийн давуу тал нь дан англи хэл дээр сурах боломжтой. Мөн суралцаж байх хугацаандаа өөр бусад оронд сургуулийн зардлаар солилцооны болон судлаач оюутнаар суралцах боломж өндөртэй. Сүүлийн үед KAIST-ийн бизнесийн сургуулийн үзүүлэлт хурдан өсч байна гэж мэдээнээс харсан юм байна. Бизнесийн сургууль нь дангаараа Сөүл хотод байдаг. Дашрамд дурдахад KAIST бол Солонгосын засгийн газраас гадаадад суралцсан нарийн мэргэжлийн боловсон хүчнүүдээр байгуулсан боловсролын яамны тусгай статустай сургууль. 1970-аад онд гадаадад доктор хамгаалсан, зэрэг хамгаалахаар сурч буй шилдэг залуучуудад өндөр цалин, байр гэх зүйлсийг амлаж, 5-аас дээш жил тасралтгүй ажиллах гэрээ байгуулан энэ сургуулийг байгуулсан түүхтэй. Төлбөр нь маш өндөр ч сурч л чадвал төлбөр бүү хэл амжиргааны тэтгэлэгээ ч сургуулиасаа авч болно.