Feb 4, 2012

Даруу зан мөнхийн гоёл

Өнөөдөр зурагт үзэж байгаад санамсаргүй Global CEO буюу дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Солонгосын нэр хүндтэй хүмүүсийн амжилтын нууцын тухай олон нийтэд таниулах хөрөг нэвтрүүлэгийг үзлээ. Энэ удаагийн нэвтрүүлгээр Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын ерөнхий захирал И Чэ үг гуайг урин оролцуулжээ. Инчоны нисэх онгоцны буудал 2001 онд байгуулагдаад үүнээс хойш 6 дахь жилдээ дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар шалгарч байгаа юм байна. Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлуудын захиралууд түүнийг ам нэгтэйгээр шилдэг сайн удирдагч гэж хэлж байгаа нь аргагүй л дэлхийн хэмжээний удирдагч гэдгийг хэлж байлаа. Инчоны нисэх онгоцны буудлын загвар төдийгүй үйлчилгээг сурах гэж дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын удирдлага, ажилчид Солонгосыг зорих нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэнэ. Тэрээр дэлхийн шилдэг байхын тулд 3 зүйлийг баримталдаг.
Ая тух, хурдан шуурхай үйлчилгээ, аюулгүй байдал бөгөөд энэ дундаас аюулгүй байдал юунаас ч илүү чухал гэдгийг онцолж байлаа. Харин удирдагч хүний хувьд амжилтанд хүрэхийн төлөө нэгдүгээрт үргэлж суралцах хүсэлтэй байх хэрэгтэй. Биднээс доогуур амжилтгүй байсан ч тэднээс сурах зүйл юу байна, бидэнд байхгүй юу байна гэдгийг үргэлж харж сурч байх нь чухал. Хоёрт, даруу байгаарай. Гуравт, үргэлж бусдыг хүндэлж, тэднийг сонсож бай гэж хэлсэн нь үнэхээр сэтгэлд хүрлээ.
Эцэст нь түүний амжилтын нууц даруу байдал юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Даруу байдлаас хүндлэл гарч, мөн даруу байгаа учраас бусдаас өөрийгөө илүү тавилгүй тэднээс өчүүхэн бага гэхгүй сурах сэтгэлтэй байх болов уу. Энэ нь өнөө үеийн залуучууд бидэнд дутагдаж байгаа чанар. Даруу байна гэдэг яг үнэндээ маш хүнд юм шиг боловч биднийг хамгийн үзэсгэлэнтэй харагдуулдаг. Чиний юу хийснийг бусдын ам ярьж байна уу эсвэл чи өөрөө ярьж байна уу гэдгээр өөрийгөө ямар хүн бэ гэдгийг нэг эргэж хараарай. Би бас энэ зан чанарт суралцах гэж хичээж байна.

Feb 3, 2012

Солонгосын 17 их, дээд сургууль гадаадаас элсэлт авах эрхээ 1 жилээр хасуулав

Нийт 36 их, дээд сургууль болон коллеж гадаадаас оюутан элсүүлэх эрхээ хасууллаа. Шалгалтаар хамгийн муу үнэлгээ авсан сургуульд Санмён их сургуулийн Чоннам хот дахь кемпус, Соншин эмэгтэйчүүдийн сургууль, Сүншил, Хансон зэрэг нийт 17 сургууль элсэлт авах эрхээ 1 жилээр хасууллаа.

Солонгосын Боловсрол, шинжлэх ухааны яам 2011 оноос эхлэн "Гадаадаас оюутан элсүүлэх, зохион байгуулах ажлыг шалган тогтоох" комиссыг томилсон бөгөөд  уг шалгалтанд нийт 347 их, дээд сургууль, коллеж(4 жилийн баклаврын сургалттай сургууль 201, коллеж 146) хамрагдаж 17 сургууль гадаадаас элсэлт авах, тухайн сургуулийн нэрээр визэнд орох эрхээ 1 жилээр хасуулж, 7 сургууль анхааруулга, 12 сургууль зөвлөгөө авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Уг дүгнэлтийг 2011 оны 12 сарын 29-нд гаргасан байна.

Эдгээр 17 сургуулийн нэрс
Мёншин, Тэгү хотын Урлагийн сургууль, Санмён их сургуулийн Чонан хотын кемпус, Соншин эмэгтэйчүүдийн их сургууль, Сүншил, Ханмин, Хансон, 2жилийн коллежоос Гванян анагаахын коллеж, Сонхва, Сунху, Ённам гадаад хэлний коллеж, Ханён, Дуна-Инжэ, Пүсан хотын урлагийн сургууль, Сунвон, Жүсон, Чүнчон коллеж

Эдгээр сургуулиуд 2012 оны 3 сарын 1-ээс 2013 оны 2 сарын 1 хүртэл элсэлт авч виз гаргуулах эрхээ хасуулжээ. Ирэх оны 1 сар хүртэл шинэчилсэн хөтөлбөрийн тайлангаа яаманд өгч, дахин шалгалтанд орох хэрэгтэй бөгөөд энэ тогтоол одоо суралцаж байгаа оюутан болон солилцооны оюутанд хамаарахгүй.

Шалгалтын гол үзүүлэлтүүд нь тухайн сургуулийн гадаад ажилтны тоо, тухайн сургуулиас гадаадад суралцаж буй оюутны тооны харьцаа, дотоодын оюутны тоо болон солилцооны, гадаад оюутны тооны харьцаа, цэвэр гадаад оюутны тоон харьцаа, гадаад оюутнуудын сургууль хаялтын тоо, гадаадын хичнээн улс орноос оюутан элсүүлж авч байгаа эсэх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт гэх мэт санхүүгийн байдал, гадаад оюутны дотуур байр зэрэг нийт 8 үзүүлэлтээр шалгалт явуулжээ. 

Шалгалтаар гадаад оюутныг сургах боломж нөхцлийг сайн бүрдүүлсэн шилдэг 10 сургуулийг мөн шалгаруулав. Гёнхи ИС, Корёо ИС, Соган ИС, Сөүлийн ИС, Ёнсэ ИС, Ихва эмэгтэйчүүдийн ИС, Ханян ИС-иуд орсон ба 2 жилийн сургалттай коллежоос ДунянМирэ, Инха үйлдвэрлэл технологийн мэргэжлийн сургуулиуд орсон байна.