Apr 15, 2011

Солонгос улсад хэлний бэлтгэлд суралцах тухай

Монголоос Солонгосыг зорих оюутан залуусын тоо сүүлийн 3-4 жил эрс өслөө. Ихэнх оюутнууд хувийн зардлаар ирдэг. Ялангуяа хэлний бэлтгэлээс эхлэн суралцах гэж буй оюутнууд бол бараг л 100% төлбөрөө өөрөө даах хэрэгтэй байдаг.


Монголоос шууд хэлний бэлтгэлд элсэх материалаа бүрдүүлэн визэнд орж ирэх эсвэл аялалын виз буюу С-3 ангилалын визаар Солонгост ирэн хэлний бэлтгэлээ сонгон орох гэсэн хоёр сонголт бий.
Шууд D-4 буюу түр хугацааны сургалтын виз нь дотроо хэлний бэлтгэл гэсэн ангилалтай. Энэ ангилалын визээр Солонгос улсад 2 жилээс дээш хугацаагаар амьдрах боломжгүй. С-3 визээр орж ирсэн хүн тухайн визнийхээ хугацааг дуусахаас өмнө сургуульд бүртгүүлэн орох хэрэгтэй. Сургуульд материал өгөхөд 7-21 хоногийн дотор тэнцсэн эсэх хариу гарна. Тийм учраас цаг хугацаагаа зөв тооцоолох нь чухал. Тэнцсэн хариу гарвал сургалтын төлбөрөө шилжүүлнэ. Хэлний бэлтгэлийн 1 шатны төлбөр 900,000-1,600,000 болно. Монголоос шууд элсэн орохыг хүсч байгаа бол ихэнхдээ 2-4 шатны төлбөрийг нэг дор төлөх хэрэгтэй болдог.


Сүүлийн үед монгол оюутны тоо ихэссэн, ирмэгцээ сурахгүй хаяад явдаг зэргээс болж зарим сургуулиуд монгол оюутны элсэлтийн материалд ганц хоёр нэмэлт шаардлага тавьдаг болсон. Жишээ нь: Сэжун ИС, Сөүл хотын ИС, Конгүг ИС гэх мэт.

Хэлний бэлтгэлд ороход шаарддаг нийтлэг материал

1. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн боловсролын гэрчилгээ
2. Дүнгийн хуулбар
3. Цээж зураг
4. Суралцах төлөвлөгөө
5. Анкет(сургуулиуд өөрийн гэсэн бланктай байдаг)
6. Санхүүгийн баталгаа 3000$-оос дээш(зарим сургууль 10,000$)
7. Гадаад паспортын хуулбар
8. Солонгос хүний батлан даалт
9. Бүртгэлийн хураамж 50,000-100,000 вон

Санхүүгийн баталгааг сүүлийн үед хадгаламжийн дэвтэрийн хуулбар, сүүлийн 1 сарын гүйлгээний хуулгатай хамт шаарддаг болсон харагдаж байсан. Гэхдээ энэ бол бүх сургуулийн хувьд биш. Ер нь бол дансны үлдэгдлийн тодорхойлолт л байхад болдог.
Солонгос хүний батлан даалтын асуудал жоохон хэцүү. Хэрэв танд батлан даалт хийж өгөх таньдаг солонгос хүн байгаа бол сургууль зуучлах байгууллагаар дамжилгүй өөрөө шууд бүртгэлээ хийж болно. Харин ийм хүн байхгүй тохиолдолд монголд байгаа Солонгосын хэлний бэлтгэл зуучлах төвөөр дамжуулан материалаа өгвөл тухайн байгууллага батлан даалтыг өөрсдөө хийж өгөх болно. Гэхдээ сайн лавлаж асуугаарай.

Ихэнх сургуулиудын хэлний бэлтгэл 1-6 шаттай байдаг. Санмён ИС-ийн хэлний бэлтгэл 8 шаттай, Йөнсэ ИС-ийнх европын орноос ирсэн оюутнуудын А, Б гэсэн ангилалтай ангиудтай сургалтаа явуулдаг.

1 шатанд 10 долоо хоног сурдаг. Тэгэхээр 10 долоо хоноод визагаа сунгуулна гэсэн үг. Виз сунгалтын хураамж 30,000 вон. Дансны үлдэгдлийн баталгаа 3 сая вон.

Хичээл эхлэх хугацаа нь ерөнхийдөө ойролцоо
Хавар 3.1-5.10 орчим
Зун 6. 1-8.10 орчим
Намар 9.1-11.10 орчим
Өвөл 12.1-2.10 орчим

Тухайн сургуулиасаа хамаараад дээрх хугацаанаас хойшоо урагшаа 7-14 хоногийн өмнө, хойно эхэлнэ. Бүртгэл нь хичээл эхлэхээс 2-3 сарын өмнө явагдана гэж тооцох хэрэгтэй. Энд амьдарч байгаа оюутнуудын хувьд гэвэл хичээл орохоос 1 сар юм уу заримдаа 14 хоногийн ч өмнө бүртгүүлэх боломжтой.

Хэлний бэлтгэлүүдтэй сургуулиудын вэб хаягийг орууллаа. Өөрөө ороод сонирхоод үзвэл илүү мэдээлэл авах боломжтой. Сөүл, Кёнги мужид байршилтай сургуулиуд. Метрогоор яваад байх боломжтой байршилтай

http://language.snu.ac.kr/site/kr/lei/main/main.jsp - Сөүлийн ИС-ийн хэлний сургалтын төв
http://dilc.duksung.ac.kr/ Догсон эмэгтэйчүүдийн сургууль
http://kfli.konkuk.ac.kr/ Конгүг ИС
http://elc.ewha.ac.kr/korean/ko/index.asp Ихва эмэгтэйчүүдийн ИС
http://huniv.hongik.ac.kr/~hili/ Хуниг ИС
http://site.inha.ac.kr/ltc/ Инха ИС
http://www.kookmin.ac.kr/ Гүгмин ИС
http://www.yskli.com/ Йөнсэ ИС
http://cklc.smu.ac.kr/ Санмён ИС
http://kli.ajou.ac.kr/main.asp Ажү ИС
http://www.uikorean.kr/ Инчөнь ИС
http://hankls.hnu.kr/ Ханнам ИС
http://web.kmu.ac.kr/kintlcenter/ Кэмён ИС
http://cafe.daum.net/sskorean2/ Сүншил ИС

Дашрамд хэлэхэд олон хүмүүс хэлний бэлтгэл, их сургууль, магистр, докторт яаж орох уу, юу бүрдүүлэх үү гэх зэргээр их асуудаг. Миний бие энд хэдэн жил сурч байгаа учраас бас нэг ч гэсэн монгол хүнд тус болох үүднээс боломжоороо хэлж өгдөг. Харин үүнийгээ блог дээр тавивал хэн хэндээ амар гэж санаад орууллаа

Асуух зүйл гарвал үг үлдээж болно шүү.

Амжилт хүсье